Налайх дүүрэгт хурдан морины үсэргээ зохион байгуулсан гэх хэргийг шалгаж байна
Засгийн газрын 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон байдаг.Гэтэл өнгөрсөн долоо хоногт Налайх дүүрэгт хурдан морины уралдаан зохион байгуулсан гэх мэдээлэл гараад байна.
Энэ талаар тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс тодруулахад “Налайх дүүрэгт том хэмжээний хурдан морины сунгаа, уралдаан болоогүй.Хэсэг бүлэг хүмүүс морио уралдаанд бэлтгээд үсэргээ хийсэн байж болзошгүйг цахимаар цацагдсан зураг дээрээс ажиглаад цагдаагийн байгууллагад өгсөн. Шалгаж байгаа. Уг зураг нь энэ оных мөн эсэхийг тогтооно. Налайх дүүрэгт хурдан морины сунгаа, уралдаан болоогүй, харин үсэргээ явагдаж байсныг хүмүүс зургийг нь авсан юм болов уу гэж бодож байна” гэв.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын тогтоол байдаг. Хэрвээ морины үсэргээ, сунгаа, уралдаан зохион байгуулсан бол тогтоол зөрчсөн болно. Хэн гэдэг иргэн тогтоол зөрчиж, морины үсэргээ зохион байгуулсныг Цагдаагийн байгууллага шалгаж байна.
Хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ, сунгаа, уралдаан зохион байгуулж байгаа газрын мэдээллийг 108, 102 дугаарт иргэд өгч болох юм байна.